• Home
  • /
  • Journey
  • /
  • Парис – Хайр дурлалын хот

Парис – Хайр дурлалын хот

Франц улсын нийслэл Парис – Хайр дурлалын хот гэгддэг энэхүү хотод олон залуус хайраа цоожлох гэж эсвэл гайхамшигт Эйфелийн цамхагийн өмнө хайраа илчлэх гэж зорьдог. Холливудын одод хүртэл Эйфелийн цамхаг дээр гэрлэх санал тавьж, буйдхан ресторанд нь хуримаа хийсэн гэж сонсогдоно.

Бидний Парисын тухай төсөөлөл маш гэгээн, романтик, хүлээлтээр дүүрэн байсан нь мэдээж. Яагаад хайрын хот гэдэг юм бол? Хаа сайгүй хайр дурлалыг санагдуулам байшин барилга, зүрхнүүд, дуут шувууд, аялгуут хөгжим байдаг юм болов уу гэж гайхна. Хэдэн жилийн өмнө Парист амьдардаг нэг найзаасаа “Яагаад танай хот хайрын хот юм бэ?” гэж сонирхон асуухад “Бид нар өөрсдөө яагаад гэдгийг сайн мэдэхгүй. Гудамжууд нь нарийхан болохоор хүмүүс бие биетэйгээ их ойрхон явах хэрэгтэй болдог болохоор тэгж нэрлэсэн байж магадгүй юм” гэж огт хүлээгээгүй, “сонин” хариулт хэлж байсан юмдаг. Тэгсэн ч ямар нэгэн гайхамшиг тэнд заавал байгаа гэж найдан өөрсдийн биеэр үзэхээр эхний зогсоолоо болгон зорьлоо.

Arc de Triumph – Ялалтын хаалга

Берлин хотоос хөдөлсөн автобус маань 18 цаг явсаны эцэст Франц улсын нийслэл Парис хотод, Сейна мөрний эрэгт орших Paris – Bercy Seina нэртэй автобусны буудалд зогслоо. Яагаад гэж гайхмаар хав харанхуй, 80 автобусны зогсоол бүхий тунелд бууж ачаагаа хайлаа. Flixbus компаний автобус маань зогссон газраа бүх ачааг буулган газарт овоолжээ. Хүмүүс ухаж байгаад өөрийн юмаа олж авна. Өмнө нь 2 ч найз маань яг тэр үеэр ачаагаа алдчихдаг гэж анхааруулсан тул өөрийн юмыг хайхаас гадна өөр хүмүүсийн юу авч явааг ажиглана. Ашгүй нэг ачаануудаа олж аваад автобусны буудлаас гармагц дуут шувууд, шившээ салхи, хайр дурлалын билэгдэл болсон ямар нэгэн зүйлс, амтат кросант угтсангүй ээ. Яг үнэндээ хотын энэ хэсэг нилээд заваан байлаа. Франц хүн болов уу гэмээр хүн цөөхөн харагдана. Олон тооны жуулчидаас гадна хар арьст Парисын иргэд тоо томшгүй олон ажээ. Гараа бент, марлиар ороочихсон нэг залуу ирээд 50цент гуйлаа. Гар нь гэмтээгүй нь илт хаха. Өөдөөс нь монголоор “чамд өгөх мөнгө алгөөө” гээд хэлчихсэн чинь амандаа нэг баахан юм үглээд л байсан. Юу гэж хараасан юм болдоо, ямартай ч үргэлжлүүлэн гуйлгаа гуйн одлоо.

Eiffel Tower

Харин Эйфелийн цамхагийг бодитоор харан хажуугаар нь алхах үед үнэхээр сүрдмээр сайхан бүтээл юм билээ. Цамхагийн өдрийн болоод шөнийн үзэсгэлэнг бишрэн суухад тохиромжтой хэд хэдэн байршил бий. Champ de Mars гэдэг нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр алчуураа дэвсэж суун вино ууж, ярилцаж, зураг даруулж болно. Бид 2 ч бас гүзээлзгэнэ идээд шөнийн гэрэл нь асахыг хүлээж хэсэг суулаа. Энэ бол залуусын гэрлэх санал тавьдаг топ байршлуудын нэг юм билээ. Эргэн тойронд байгаа хүмүүс алга ташиж та 2т баяр хүргэх болно. Парис, Эйфелийн цамхаг, шингэх нарны ягаан туяа, ногоон зүлэг, баяр хүргэх олон хүмүүс гээд хэрэгтэй бүх зүйл байгаа бишүү. Нэмээд хийл тоглуулчихвал бүр янзтай. Montparnasse Tower-н 56 давхараас цамхаг бүхэлдээ харагддаг. Мөн хотыг дээрээс нь харах дуртай бол энэ шилдэг байрлал. Тасалбарыг урьдчилж захиалах юмуу, очоод авч бас болно.

Харин Эйфелийн цамхаг дээр гарах очер дараалал маш уртаас гадна, тийшээ гараад цамхагийг дотроос нь харах, хотыг харах боловч зайлшгүй биш гэж олон хүмүүс зөвлөсөн байсан учраас бид дотор нь орсонгүй.

Шөнийн Эйфелийн цамхаг

Эйффелийн цамхагийн эргэн тойронд хямд хятад бараа зардаг хүмүүс хаа сайгүй. Бараг авах ёстой юм шиг санагдтал зарлана. One euro, one euro гэдэг үг чихэнд хоногшино. Маш чанаргүй сувинерүүд, гялалзаж гялтганаад л байж байна. Энэ бол миний огт төсөөлөөгүй дүр зураг байсан. Юмны үнэ асуучихвал тэгээд л дуусаа, сална гэж байхгүй хаха. Би та нарт үнийг нь хэлээд өгье. 5 ширхэг түлхүүрийн оосрын хэмжээтэй Эйфелийн цамхаг нийлээд 1 евро, мөстэй ус 1 ширхэг нь 1евро/супермаркетад 12 ширхэг нь 2 евро болдог ус юм билээ/, маш халуун өдөр бол 2 ширхэг ус 3 евро болно, хүйтэн вино 10евро гэхдээ яг авъя гэвэл үзүүлсэнээсээ өөр вино гаргаж ирнэ хаха. Эдгээр хүмүүсээс худалдан авалт хийлгүйгээр юмаа бэлдээд очвол зүгээр санагдсан. Урдаас чинь сарнай бариад инээмсэглэн ирж яваа залуу руу муухай харах хэрэгтэй. Эхлээд сарнайгаа атгуулаад дараа нь мөнгөө нэхнэ. Бас гарыг чинь уяж тоглодог хүмүүс байдаг гэсэн. Эхлээд тоглочихоод мөнгөө нэхнэ. Мөнгөө өгөхгүй бол уяаг тайлна гэж байхгүй. Бас гарын үсэг цуглуулж байгаа гэж хэлсэн англи хэлтэй хөөрхөн охидоос хол яв. Нэг нь гарын үсэг авч, тусламжийн аянаа тайлбарлаж, анхаарлыг чинь өөртөө бүрэн төвлөрүүлэх зуур өөр нэг нь халаасны хулгай хийж байдаг. Метронд явахдаа ч мөн болгоомжилж явах хэрэгтэй. Багаараа ажиллаж байгаа 2 цеганийг нүдээрээ хараад буцсан.

Худалдаачид

Бусад томоохон хотуудын адил замын ачаалал, хөдөлгөөн маш их. Үе үе түгжирнэ. Яаж ч түгжирсэн сигнал дарахгүй, эгнээ байр солихгүй, 3 эгнээтэй замаа 4, 5 эгнээтэй болгохгүй ээ. Харин 2, 3р эгнээний машинууд 2 тийш болж дундаа зай гаргана. Тэр зайгаар мотоциклтой хүмүүс болон хэрэгтэй үед цагдаа, түргэний машинууд явах юм. Жуулчид ихээр цугладаг газар бол зогсоол олох хэцүү тул машин унаж явалгүйгээр метро, автобусаар явж, алхах нь хамгийн зөв сонголт. Алхах ер нь сайхан, хотын уур амьсгал, эгэл хүмүүсийн амьдрал, тийм ч алдартай биш хэдий ч үзэсглэнтэй сайхан зүйлсийг харж болно. Бас тэр бүр хүмүүст харуулахыг хүсдэггүй хар, бараан талыг нь ч харна.

Paris Street

Хотын төвийн зарим барилга нь 500-аад жилийн настай, чулуун хийцтэй орон сууцнууд байна. Орон сууцны 1 давхарт янз бүрийн үйлчилгээ, хоолны газар, дэлгүүрүүд байна.

Сена мөрнөөр нэг цагийн усан онгоцтой аялал хийж голын эрэг дагуух түүхэн дурсгалт барилгуудыг харж, үүх түүхийг нь сонсож болно. Үүний дараа аль алийг нь ойроос харахаа шийдэж болох юм. Мөн усан онгоцон дээрх ресторанд хооллож болно.

View from Ferry

Бид 2-г очих үед Парист 32-42 градус хүртэл халуун, шатаж байлаа. Тийм болохоор өдрийн цагаар хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байна гэж нутгийн хүмүүс ярьж байсан. Тэгэхээр хүн ихтэй үедээ бол хөл гишгэх зайгүй болдог юм шиг байна лээ.

Paris Street

Парист очоод заавал хийх зүйлсийн нэг бол Луврын музей үзэх. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэгийн шилдэг уран бүтээлүүдийг багтаасан энэ аварга том музейн үзвэр бүрийн өмнө 1 минут саатвал бүтэн жилийг тэр музейд өнгөрүүлэх хэрэгтэй болох юм. Тиймээс дотор нь ямар зураг байгаа, ямар ямар хэсэгт хуваагддаг, яг юуг нь үзэх вэ гэдгээ урьдчилж судлах эсвэл зүгээр л нийт ямар хугацааг музейд өнгөрүүлэхээ урьдчилж төлөвлөх хэрэгтэй. Мөн шууд л очоод орчихно гэж бодож явбал 2-3 цагийг орж амжилгүй очерлож өнгөрүүлнэ. Тиймээс хэдхэн евро илүү төлөөд pass line буюу очерлохгүйгээр урьдчилж авсан цагтаа шууд орох тасалбар захиалаарай.

Line up at Louvre

Үзвэр, үйлчилгээ нь эд жуулчдын улиралд ч амардаг өдөртэй, уртасгаагүй энгийн цагийн хуваарьтай байдаг. Луврын музей мягмар гаригт хаадаг бөгөөд тэр өдөр нь гадаа нь очиж зураг даруулж болох юм. Ингэвэл хүн багатай зураг авч чадна. Музейн гадна байхдаа анхаарах бас нэг зүйл бол хулгайч, цеганууд, гарын үсэг зуруулж, хурууг олсоор боодог нөхдүүд их.

Алдарт Моно Лиза-г яг хажуугаас нь их л сайхан үзнэ гэж догдолж орсон боловч тийм юм болоогүй. Оронгуут л Жакондо руу чиглэсэн уртаас урт очер дараалал угтана. Тэгээд арай гэж дэргэд нь очтол 20сек болов уу үгүй юу бушуухан хөөж гаргаж дараагийн хүмүүст харуулна. Зураг нь бараг 5 алхамын зайд зузаан шилэн хорог дотор байх тул би зургаа ч үзэж чадалгүй, өөрийнхөө зургийг Моно Лизатай хамт авхуулж ч чадалгүй л гарсан. Ер нь Моно Лиза-г яг нүдээрээ үзсэндээ гэж хаана ч хэлж чадахааргүй зүйл болсон.

Mona Lisa at Louvre

Музейд байсан цөөн хэдэн бүтээлийг л таних тул гар утсандаа Louvre-н аппликейшн татаж суулгаад өөрт хэрэгтэй багцаа худалдаж авч зургийг үзэж байхдаа тайлбарыг нь сонсвол зүгээр. Бид 2-н хувьд 4$ үнэтэй, хамгийн сор 40 бүтээлийн тайлбар багцыг худалдаж авсан.

Бас нэгэн гайхамшигтай үзвэр бол Версалийн хааны ордон. XIV Луи хааны бүтээн босгосон энэхүү ордон нь тухайн үеийн Франц улсын сүр хүч, эрх мэдэл, эд хөрөнгийн маш том илэрхийлэл болон үлджээ. Ордон руу ормогцоо аудио тайлбарлагч төхөөрөмжийг олж аваарай. Өрөө болгон дугаартай, тэр өрөөнд ороод тухайн өрөөний дугаарыг төхөөрөмжиндөө оруулахад тайлбар нь явж эхэлдэг. Тэгэхээр чихэвчтэй явбал маш тохиромжтой.

Versailles

Хаад, хатад, гүнж, ханхүү нар бараг л улирал бүр өөр, өөр тохижилттой, өөр өөр өрөөнд амьдарч, зарим нэг өрөө нь бүр огт хэрэглэгдэж амжилгүй шинээрээ үлдсэн байх юм. Тухайн үедээ тансаглал, эрх ямбыг Луи XIV ихэд таашаадаг байсан бөгөөд улсын сангийн багагүй хэсгийг өөрийн ордон болон арын цэцэрлэгтээ зарцуулсан байна. Луи XIV-н үед Франц урлаг, хот байгуулалтын тал дээр оргилд нь хүргэсэн хэдий ч Австрийн хааны охин Мария Антуанеттай Францын хувьсгалын шуурганд Конкордын талбай дээр цаазлуулсан билээ.

Versailles

Versailles Garden

Алдарт толин өрөө нь гадны илч, төлөөлөгч, зочин гийчин ирэх үед хүлээн авдаг байсан өрөө юм. Тухайн үеийн барилгын технологи, шинжлэх ухааны хөгжлөөр бол өндөр арктай цонх хийхэд ихэд хүндрэлтэй байсан бөгөөд энэ өрөөнд байрлах 14 ширхэг өндөр арктай цонх нь тухайн үедээ ихэд гайхагдаж байж. Мөн толь хийнэ гэдэг бол тэр үед өндөр зардалтай, хортой, хүнд ажил байсан ба 14 ширхэг цонхны өөдөөс харуулан 14 ширхэг өндөр толь хийсэн нь франц улсын хөгжил, хүчийг илэрхийлдэг, ямар ч улсаас ирсэн зочин, гийчинг алмайруулдаг байжээ.

Mirror Hall

Парис хотын эмэгтэйчүүд маш эмэгтэйлэг. Хэт гоёж, гангалдаггүй, өнгөцхөн харахад энгийн юм шиг боловч, бүсгүйчүүдийн биеэ авч яваа байдал, хувцасны сонголт, үйл хөдлөл нь эрхгүй сэтгэл татна. Энгийн нэгэн фудволк мэт боловч энгэртээ эсвэл нуруундаа чамин торон хэсэгтэй, аль эсвэл ханцуй нь эгэл биш загвартай. Надаас өөр пүүз өмссөн бүсгүйтэй нэг ч таарсангүй. Намхан боловч чамин, гоёхон сандал л өмссөн байна, их халуунд очсонтой холбоотой ч байж магадгүй. Хэт өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэй таарахгүй мөртлөө тэдний өмссөн өндөр өсгийтийн намхан ч биш, өндөр ч биш хэмжээ нь бүсгүй бүрийг нандин, эрхэмсэг харагдуулна. Миний хувьд франц улсад байх хугацаандаа илүүдэл жинтэй франц эмэгтэй нэгийг ч олж хараагүй.

Дэлхийн хамгийн алдартай өргөн чөлөө Champs Elysees

Парисыг юу хайрын хот болгодог вэ? Эгэл төмрөөс бүтсэн ч эгэлгүй үзэсгэлэнтэй Эйфелийн цамхаг, Сена мөрний намуухан долгио, хүмүүсийнх нь өөдрөг, дэврүүн үзэл, бүсгүйчүүдийн харц булаам эхэмсэг төрх, өдрийн аль ч цагт идэж болох чихэрлэг амттангууд, багет талх, нарийн гудамж, энд л хайр мөнхжин, цэцэглэдэг гэх хүмүүсийн итгэл нь энэ хотыг хайрын хот болгодог гэлтэй.

One Comment

Leave a Reply